ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС “ТЭРГҮҮН” БАЙРАНД 4 ДЭХЬ УДААГАА ШАЛГАРЛАА.

Нийслэлийн хүн амыг болзошгүй гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хуулиар хүлээсэн үүрэг бүхий Онцгой байдлын байгууллага, тэр дундаа нийт хүн амын талаас илүү хувь нь суурьшсан нийслэлд үүрэг гүйцэтгэж буй Нийслэлийн Онцгой байдлын газрын нийт алба хаагчид цугларч 2018 онд хийж бүтээсэн, хэрэгжүүлэхээр зорьсон зорилтуудаа дүгнэж хэлэлцсэн тайлангийн хурлаа зохион байгууллаа. Энэхүү хурлаар хуулиар хүлээсэн хүндтэй үүргээ хэрэгжүүлэхдээ хүн ардынхаа амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалах хүндхэн бөгөөд хариуцлагатай албан үүргээ энэ онд хэрхэн биелүүлсэн талаараа Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн дэлгэрэнгүй танилцуулж, албаны өмнө тулгамдаж байгаа зарим асуудлууд, түүнийг шийдвэрлэх талаар албанаас авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг дурдаад, алба хаагчдын нийгмийн асуудал дээр цаашид юуг илүүтэй анхаарах шаардлагатайг онцлон тэмдэглэсэн юм.  Хуралд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал мөн хэлсэн үгэндээ, Онцгой байдлын алба хаагчдын өмнө тулгарч буй нийгмийн асуудлуудыг шат дараатайгаар бодлогын түвшинд шийдвэрлэж байгаа талаар мэдээлэл өгч, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх ажиллагаанд шаардлагатай байгаа техник хүч хэрэгслийн талаар, мөн онцгой байдлын албанд ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийн асуудлыг шийдвэр гаргах түвшинд УИХ, Засгийн газарт удаа дараа тавьж байгаа бөгөөд энэ асуудал маань тун удахгүй шийдвэрлэгдэнэ гэж найдаж байна гэж онцлон тэмдэглэсэн.

         Энэ жилийн хувьд Нийслэлийн Онцгой байдлын газраас “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, сургалтыг боловсронгуй болгож, алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэн, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ” гэсэн зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэхүү зорилт  нь 97,7 хувиар биелсэн байна.  Энэхүү зорилтыг ханган биелүүлэхэд дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүдийн гүйцэтгэсэн үүрэг, хичээл чармайлт асар их бөгөөд Гал түймэр унтраах, аврах ангиудад ажиллаж байгаа гал сөнөөгчид, аврагч нарын өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн нөр их хөдөлмөр, хөлс хүчийг дүгнэж хэлэлцсэн энэхүү хурлаар 2018 онд ажил үйлсээрээ тэргүүлсэн зарим ажилтан албан хаагч, хэлтсүүдийг шалгаруулан байр эзлүүлэхэд  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийг “ТЭРГҮҮН” байранд шалгаруулсан байна. Энэхүү хэлтэс энэ жил нийслэлийн хэмжээнд 4 дэхь удаагаа тэргүүлж байгаа нь энэ аж.

      Хэлтсийн дарга, хурандаа Д.Даваасүрэнд гардуулсан өргөмжлөлд, “НИЙТ ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ АМЬДРАХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХЭД МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР, АВХААЛЖ САМБААГАА ДАЙЧЛАН ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ НАС, ӨМЧ ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛЖ ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭНЧЭЭР ЗҮТГЭЖ, 2018 ОНД НОБГ-ААС ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТЫГ БИЕЛҮҮЛЖ ЭРХЭЛСЭН АЖИЛДАА АМЖИЛТ ГАРГАН АЖИЛЛАСАН ТУЛ “ТЭРГҮҮН” БАЙРАНД ШАЛГАРУУЛЖ ӨРГӨМЖЛӨВ. БИД ТА БҮХНЭЭР БАХАРХАЖ БАЙНА……. гэжээ.  Хан-Уул дүүргийн нийт офицер, ахлагч нартаа ажлаараа тэргүүлэн манлайлсанд баяр хүргэж, Та бүхний маань төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, өргөсөн тангараг үргэлжид өөдөө, ариун байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*