Гал түймэр унтраах, аврах 14-р анги

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН

 ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 14 ДҮГЭЭР АНГИЙН ТАНИЛЦУУЛГА

 Богдын ногоон ордноос өөр юу ч байгаагүй Туул голын хойд зэлүүд хөвөөнд нам засгаас Ардын Хувьсгалыг бэхжүүлэх түүхэн хугацаанд авч явуулсан арга хэмжээний үр дүнд Зөвлөлт холбоот улсын тусламжаар анх удаа өөрийн эх оронд үндэсний аж үйлдвэр байгуулах ажил 1929 онд эхэлснээр Зөвлөлтийн мэргэжилтэн, ажилчин үйлдвэрийн ууган ажилчдын хамтаар цахилгаан комбинат, үйлдвэрүүдийн барилгын суурийг тавьсан байна. Энэ барилгыг удирдан бариулж байсан мэргэжилтний санаачлагаар 2 морин тэрэгтэй орос сурагчидтай Сэнгээ даргатай 6 хүний бүрэлдэхүүнтэй Гал команд гутлын фабрикийн байранд барилгыг галаас сэргийлэн хамгаалах үүргийг гүйцэтгэж эхэлжээ.

Аж үйлдвэрийн комбинатын захиргааны шийдвэрээр тэр үед комбинатын аж ахуйн дарга байсан үйлдвэрийн ууган ажилчин Ишдамба гэдэг хүнд уг 2 морин тэргийг хүлээлгэн өгчээ. Энэ нь оодон сүүлтэй цавьдар бөхтөр, хээр морьд байжээ. Цавьдар морь тэргэнд нь 4 хүний хүчээр шахаж ажиллуулдаг “Улаан туг” гэдэг нэртэй гар насос, бөхтөр хээр морь тэргэнд нь усны бошиг тус тус байрлуулсан гал унтраах төхөөрөмжтэй байсан байна.

Хожим нь 1933 онд ЗХУ-ын төхөөрөмжөөр тоноглогдсон Орос даргатай Магиус маркын хийгүй сул дугуйтай машинт гал команд болон өөрчлөгджээ. Анхны жолоочоор нь Чимиддорж гэдэг хүн ажиллаж байжээ. 1934 оны сүүлээр Дотоод хэргийн газар аж үйлдвэрийн яам хамтран гэрээ байгуулсан нь одоогийн Гал унтраах анги тавигдах үндэс суурь болсон юм.

1934 онд Ардын сайд нарын зөвлөлийн 486 тогтоолоор аж үйлдвэрийн комбинатыг галын аюулаас авран хамгаалах, гарсан гал түймрийг шуурхай унтраах зорилго бүхий гал команд байгуулагдсан нь одоогийн Гал унтраах, аврах 14 дүгээр анги юм.

Гал команд үүссэн цагаасаа эхлэн манай орны хөнгөн аж үйлдвэрийн гол салбар болох цэмбэ, эсгий, булигар, арьс, нэхий эдлэлийн фабрикууд, цахилгаан станц, ажилчдын орон сууцны барилгуудаас бүрдсэн өж үйлдвэрийн комбинатын өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, унтраах үйл ажиллагааг амжилттай биелүүлж ирсэн түүхэн замналтай билээ.

1935 оны 3 дугаар сард үйлдвэрийн дэргэд байрласан худгаас жолооч Чимиддорж ус татуулан резинэн хушуугаар анх удаа ус тавьсан нь гал унтраах үйл ажиллагааны эхлэл байж, 1934-1941 он хүртэл Гал командын даргаар Буянтогтох гэдэг хүн ажиллаж байлаа. Энэ үеэс эхлэн үндсэндээ 2 ээлжээр гал унтраах үүргийг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд тухайн үед цэрэг 75 төгрөг, дарга 125 төгрөгний цалинтай байсан байна.

1937 онд гал командын материаллаг баазыг бэхжүүлэх машин техникийг шинэчлэх үүднээс ЗХУ-ын “Аммо” маркын насостай цэргийн ил задгай суудалтай 6 цилиндэртэй 75 морины хүчин чадалтай автомашиныг хуваарьт тавьжээ.

1941 онд Гал командын орон тоо дарга, салаан дарга, салаан туслах, утасны жижүүр, жолооч-3, гал сөнөөгч-10 бүрэлдэхүүнтэй гал унтраах үүргийг гүйцэтгэж байжээ.

1947 онд Галын хэлтэс дээр мэргэжлийн жолоочийн анхны курс байгуулагдаж тус командаас Түмэн-Өлзий, Гончиг 2 жолооны курсээ төгсөж Гал команд 6 жолоочийн орон тоотой болсон байна.

Тухайн үед ЗХУ-д үйлдвэрлэгдсэн гал унтраах тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон өндөр хүчин чадалтай ЗИЛ-164, ЗИЛ-130 Автонасос, Автоцистернээр хангагдан ажиллаж байсан бөгөөд анх орос сургагчтай ус шахах хөөрөг, усны торх байрлуулан 2 морин тэрэг бүхий 6 орон тоотойгоор ажиллаж байсан Гал команд нь эдүгээ орчин үеийн техник зэвсэглэмжээр хангагдсан 4 ээлжээр ажиллах гал унтраах ангийн түвшинд хүрч, улс орны нийгэм эдийн засгийн хөгжил дэвшлийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг богино хугацаанд хохирол багатай унтраах, хариуцлагатай  үүргээ хамт олон гүнээ ухамсарлан өргөсөн тангарагтаа үнэнч байж төр засгаас хүлээлгэсэн итгэл найдварыг нэр төртэй биелүүлж ирсэн түүхэн уламжлалтай билээ.

Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги нь 2009 онд Монгол Улсын Засгийн газраас Онцгой байдлын албыг бэхжүүлэх, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын шийдвэр, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Гал унтраах ангийн 2 давхар шинэ өргөөтэй болж ёслол төгөлдөр хүлээж авч байсан билээ. Тухайн үед онцгой байдлын хэлтсийн даргаар хурандаа Б.Ганбат, ангийн захирагчаар хурандаа Д.Эрдэнэбилэг нар байсан байна.

2018 оны байдлаар Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги нь орон тоогоор 43 албан хаагч, бэлэн байгаа 41 албан хаагч, гал түймэр унтраах үндсэн албаны 2 автомашин, туслах албаны 1 автомашин, тусгай албаны 1 автомашин, шуурхай албаны 2 автомашин 1 мотоцикль техник хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд гал түймрийн болон гамшиг ослын 420 гаруй дуудлагаар хүрэлцэн ажиллаж төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэд болон татвар төлөгчдийн 1,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө 182 эрдэнэт хүний амь насыг гал түймрийн аюулаас авран хамгаалж үүргээ нэр төртэйгээр биелүүлэн ажиллаж байна.

 АНГИЙН УДИРДЛАГААР АЖИЛЛАЖ БАЙСАН ДАРГА НАР

  • Сэнгээ 1934-1935
  • Буянтогтох 1935-1941
  • Чимэддорж 1941-1942
  • Буянтогтох 1943-1944
  • Шагдарсүрэн 1944-1945
  • Санжаасүрэн 1945-1949
  • Баярдондог 1950-1953
  • Чимэд 1953-1954
  • Шагдарсүрэн 1954-1956
  • Лувсандоо 1956-1957
  • Даржаа 1954-1959
  • Чойжил 1959-1960
  • Чойжил 1959-1960
  • Доржсүрэн 1961-1966
  • Жамъяандондог 1967-1970
  • О.Хасбаатар 1973 -1975 он
  • Ц.Баньд 1975 -1976 он
  • С.Батмөнх 1976 -1990 он
  • Ж.Ганбаатар 1990 – 1998 он
  • Г.Цэрэнням 1998 – 2002 он
  • Ц.Баянжаргал 2002 – 2007
  • Б.Ганхуяг 2007 – 2008
  • Д.Эрдэнэбилэг 2008 – 2010
  • Х.Буяндэлгэр 2010 – 2012
  • Т.Баасанжав 20122014
  • Д.Дагвасүрэн  2014-2015
  • Н.Адъяадорж         2015 оноос одоог хүртэл

 

БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛОН, ХУВЬ ХҮНИЙ ТҮҮХЭНД ДУУРСАГДАХ АМЖИЛТ 

  • Содном-Онц гал сөнөөгч
  • Т.Эрдэнэхүү-Онц гал сөнөөгч
  • Д.Борхүү-Онц гал сөнөөгч
  • П.Доржбал-Онц гал сөнөөгч
  • Т.Эрдэнхүү-ЗХУ-ын Онц гал сөнөөгч
  • С.Батмөнх-Онц гал сөнөөгч
  • И.Замбанмөрөн-Онц гал сөнөөгч
  • О.Зина-Онц гал сөнөөгч
  • Д.Бямбасүрэн-Онц гал сөнөөгч
  • Я.Эрхэмбаяр-Онц гал сөнөөгч
  • А.Цэрэнбал-Онц гал сөнөөгч
  • Д.Цэнд-Аюуш-Онц гал сөнөөгч
  • Ж.Сүхбаатар-Онц гал сөнөөгч
  • Ш.Дүншиг-Онц гал сөнөөгч
  • П.ЭНхбаяр-Онц сэргийлэгч
  • С.Батмөнх-Онц сэргийлэгч
  • Н.Галсан-Хэвлэл мэдээллийн Тэргүүний ажилтан
  • Б.Батбаатар-Онц гал сөнөөгч, Цэргийн хүндэт медаль, Онцгой байдлын албаны
  • Тэргүүний ажилтан
  • Т.Мөнх-Алдар-Онц гал сөнөөгч
  • Х.Ишээ-Онц гал сөнөөгч
  • Э.Ганбат-Онц гал сөнөөгч
  • Б.Цогтбаатар-Онц гал сөнөөгч, ГТОТС-ын мастер
  • Б.Ижилбат-Онц гал сөнөөгч, ОБА-ны Тэргүүний ажилтан
  • Л.Жаргалдорж-Онц гал сөнөөгч
  • Б.Гантөмөр-Онц гал сөнөөгч

Тус ангиас төрсөн Гал унтраах техникийн олон төрөлт Монгол улсын анхны спортын Мастер, Д.Цэнд-Аюуш, А.Цэрэнбал нарын гаргасан амжилтыг үнэлж биеийн тамир спорт хорооноос  2018 онд Гал унтраах техникийн олон төрөлт спортын олон улсын хэмжээний мастер цол хүртсэн.